Дэлхийн дипломатын тавцанд Монгол Улс уран тоглолт хийхэд бэлэн үү?

2020 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа дэлхийн номер нэг, хоёр  эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. Чингэхдээ бие биеийнхээ нөлөөллийн бүсийг  булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь идэвхжиж байна. Том геополитиктай Хятад, Оросын  завсарт оршдог Монгол Улсын  орон зайд ч их гүрнүүдийн  уралдаан  илт даамжраад байх шиг.

Энэ үйл явцтай зэрэгцээд АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөршүүд  хэл амаа  өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо  илүү ойртож байна уу гэлтэй.  Хятадын ГХЯ-ны сайд Ван И өнгөрсөн сарын 10-даар ОХУ-д очиход гаргасан Хятад-Оросын хамтарсан тунхаглал нэг юм хэлээд байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тунхаглалд гарын үсгээ зурсан Ван И, Сергей Лавров сайд нарын үзэгний бэх бараг хатаагүй байхад “Авторитаритуудын завсар дахь Ардчиллын баян бүрд” Монгол Улсад Ван И давхин ирсэн бөгөөд түүнийг мордмогц нь С.Лавров  Москвад Монголын Гадаад харилцааны сайдыг  урин уулзав.

Урьж залахад уньж туниад 1-2 жилийн нэлээд юм болж байж Монголд  ирдэг  энэ хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нар Москвад уулзсаныхаа дараа  Монголд буцалтгүй тусламж, худалдааны  тариф мэтээр найрсаг загнаж, эелдэг аашлан Энхтайван сайдтай ийнхүү нэн шуурхай  агаад шаргуу ажиллах болсон нь  дотоодод төдийгүй гадаад ертөнцөд анхаарал татаад байгаа.

Ингэж урд өмнө байгаагүй сайхан загнахдаа  “Стратегийн  иж бүрэн түншүүд”   хэмээн манийг баадуудан  улс хоорондын харилцаанд түгээмэл байх нэгэн ерөнхий  “бие биесийн дотоод хэрэгт үл оролцох“ зарчимд гэнэт цохилт өгөн,  гэнэн хонгор Монгол Улсаар ам өчиг авахуулан байсны цаад учир начир одоо Япон болон АНУ-ын Гадаад хэргийн сайд нарыг  манайд ирүүлэхэд хүргэв үү, яав? Японы сайд нь өнөө маргаашгүй ирэх агаад  Д.Трамп илааршсан тул  түр хойшлогдоод байсан Помпейн айлчлал мөд хэрэгжих биз.

Хятад, Орос хоёр геополитикийн нөлөөллийнхөө Монгол Улс гэх завсрынхаа бүсэд  гурав дахь хөршийн үйл ажиллагааг аль болохоор хумих, болвол шахахын төлөө л стратегийн гэх Монголд илт томдсон иж бүрэн түншлэлийн хэлцэл байгуулж ирсэн  нь нууц биш бөгөөд өнөөдөр  буцалтгүй тусламж амласан, сайхан ааль бүхий дипломат үйл ажиллагаа ч энд чиглэж байгаа гэвэл  нэг их хэтрүүлэг болохгүй.

Өмнө нь  энэ чиглэлээр  дангаараа тус тусдаа ажиллаж ирсэн бол Ван И Москвад очиж ийнхүү  Лавровтай ам нийлснээс  хойш хоёулаа хавсайдан  ийнхүү шуурхайлах болсон. Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах үйл ажиллагаанд их дарамт, ачаалал ирнэ дээ. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг “ гэдэг үг ч бий.

Дэлхийн монголчуудын цөм, амин сүнс нь болсон Монгол Улс, түүний  төр засаг дэлхийн соёлын үнэт  чухаг өв агаад бидний төрөлх хэлийг ганц ӨМӨЗО-ны 5-6 сая монголчуудаар  бус, тэднээр улбаалаад  дэлхийд хязгаарлах, хяхан унтраах  урхагтай байж мэдэх үйлдлийг нь  нэг их ухааралгүй “Хятадын дотоод хэрэг“ мэтээр мэдэн будлиад толгой дохиод өнгөрлөө хэмээн бид дотроо наминчилж суутал ганц үүгээр гай, хорлон нь дуусаагүй байвал яана.

Ядрах цагт аминд ордог “гурав дахь хөршүүд”, тэдэнтэй харилцах бодлого үйл ажиллагаагаа  боомилуулалгүй хамтын ажиллагаа хөгжүүлэх орон зайгаа чухамхүү дипломат ур ухаан гарган хамгаалж  Япон, АНУ мэт  стратегийн гол түншүүдийн айлчлан ирэх ГХЯ-ны тэргүүн нарыг нүүр бардам хүлээн авч үр өгөөжтэй хэлцэл хийж байх аваас юу юунаас чухал.

Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа  нь өнөөдөр  цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа нь нууц биш. Сүүлийн жилүүдэд гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм. Учир нь  хоёр хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий  үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг хэн ч үгүйсгэж эс чадна.

Гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр  хандаж ирсний харгайгаар эх хэлээ бүү хэл, тусгаар тогтнол, бие даасан  байдал, бүрэн эрхээ ч дипломат ганц үг бүү хэл, цэг таслалд  ороогдон  хязгаарлуулж мэдэх  аюул ямагт байдаг бөгөөд үүнээс сэрэмжлэх нь  өнөө нэн чухаг болоод  байгааг анхаарах ёстой.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлалыг залгуулан Бээжинтэй сөргөлдөгч хоёр орны өндөр дээд албан тушаалтнууд ийнхүү хамт шахуу Улаанбаатарт хүрэлцэн ирэхээр болсон нь яах аргагүй анхаарал татах сэдэв болоод байна. Тохиолдлоор давхацсан байж болох талтай. Гэсэн ч судлаачид манай хоёр хөрш сүүлийн жилүүдэд АНУ тэргүүтэй барууны орнуудтай хүчтэй зөрчилдөх болсноор Монголын геополитикийн үнэ цэнэ их гүрнүүдийн хувьд нэлээд нухацтай авч үзэх шаардлагатай асуудал болж ирсэн гэх дохиог өгөх болоод байгаа юм.

Оросын нэрт зохиолч Герман Садулаев саяхан “ОХУ нэгэнт байр сууриа алдсан өрнө зүгт бус, өдрөөс өдөрт улам чухал болсоор байгаа дорно зүг, тэр дундаа Монгол Улсад онцгой анхаарах ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн тэрээр нийтлэлдээ зөөлөн хүчний бодлогоор Монгол Улс дахь ОХУ-ын соёлын нөлөөг дахин сэргээж, англи хэлэнд алдагдаад байгаа орос хэлний байр суурийг эргүүлэн бэхжүүлэх ёстой гэсэн юм.

Тэгвэл АНУ-ын “Washington Examiner” сэтгүүл “БНХАУ-ын эрх баригчид ОХУ болон бусад хөрш орнууддаа хандан АНУ-ын нөлөөг хамтдаа сөрөн зогсохыг уриалж эхэлсэн” гэх сэдвийг хөндсөн байна. Тухайлбал, Бээжин хөрш орнуудтайгаа бүс нутгийн аюулгүй байдал, стратегийн зохицуулалтуудыг сайжруулах замаар Вашингтоны нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байна. Үүний нотолгоо бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, Төв Ази болон Монгол Улсад айлчилсныхаа дараа “Вашингтоны эрх баригчид БНХАУ болон АНУ-ын хооронд хүйтэн дайн өдөөн турхирах зорилгоор дэлхийн улс орнуудад тал талаас нь хүч тулгаж эхэллээ. Дэлхий ертөнц ийнхүү үймээн самуун, өөрчлөлтийн үе рүү шилжих болоод байгаа энэ үед Хятад болон Оросын эв нэгдэлтэй, бат бэх харилцаа нь бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад улам бүр чухал ач холбогдолтой болж ирж байна” гэж хэлсэн явдал юм гэжээ.

Монгол Улс эдийн засгийн хувьд бараг бүрэн хараат гэж хэлж болох хоёр хөрштэйгөө “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай. Харин БНХАУ болон ОХУ-ын эдийн засгийн нөлөөг тэнцвэржүүлж өгдөг АНУ, Энэтхэг, Япон гэх гуравдагч хөршүүдтэйгээ “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Мөн Токио болон Вашингтоны эрх баригчид бүс нутаг дахь өөр нэг аюул гэгдэх Хойд Солонгостой хийх харилцаандаа манай улсыг зуучлагчийн байр сууриас оролцуулах асуудалд ихээхэн хүчин чармайлт гаргах болсон. Тиймээс Монгол Улсын гадаад харилцааны салбар их гүрнүүдийн сөргөлдөөнөөс өөрт ашигтай хувилбарыг бий болгож чадаж байна уу гэдэг сонирхолтой. Дэлхийн хүчний тэнцвэр улам бүр таамаглах аргагүй болж ирсэн энэ цаг үед бид гадаад түншүүдийнхээ хэнээс ч нүүр буруулалгүй, өөрт ашигтай байдлаар хамтран ажиллахыг эрмэлзэж байх нь чухал. Гэсэн ч Бээжин ороод нүүрсээ гуйх, Москвад хүрч бензин царайчлах, Вашингтонд очоод ноолуурын татвар тэглэх, Токиод очоод тусламж гуйдаг улиг болсон байдлаасаа хагацаж, үүнээс илүү давж харахгүй байгаа нь харамсалтай бөгөөд Монгол Улс дипломат ур чадвар гаргахгүй байна гэдгийг дэлхийн хэвлэлүүд ч сануулах болсон юм.   

Аливаа улсын дипломатуудын ур чадвар, торгон мэдрэмжид тухайн улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийнх нь 95 хувь оршдог  гэсэн үг Монгол Улсад өнөөдөр нэн чухлаар тавигдаад байна. Учир нь  Ван И сайдын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгээр  Японы ”Майничи Симбун”, Хонконгийн “Асиа Таймс”, Малайзийн “Стар” сонингуудад гарсан нийтлэлүүдэд  “....Хятадын дотоод хэрэгт нь оролцохгүйгээр монгол үндэстний бичиг соёлыг хамгаалах, хадгалах тал дээр Монгол Улс байр сууриа илэрхийлж дипломат ур чадварын тоглолт хийж чадсангүй” гэсэн шүүмж явсан нь санамсаргүй хэрэг биш. 

Дэлхийн бодлого тодорхойлдог  Хятад, Орос, Япон, АНУ гэсэн  дэлхийн дөрвөн их гүрний сайд нартай эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч  чадахад л  ГХЯ-ны дипломатууд, Монгол Улс дахь гадаад бодлогын судалгаа шинжилгээний энэ олон институтууд оршдог. Одоо харж байх үлдлээ.  Энэ том гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж  чадаж гэмээнэ  олон улсын тавцан дээр улсын маань нэр хүнд өсөж, түүний хэрээр гадны хөрөнгө оруулалт нэмэгдэн, эдийн засаг тэлэх сайхан зам нээгдэнэ.

 

Б.Сүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.