Зээлийн хүүг зургаан хувьд шилжүүлэхэд 360 тэрбум шаардлагатай

Банкны салбарт эргэн төлөлт өндөртэй, нийгэмд эрэлттэй зээл бол орон сууцны найман хувийн зээл. Тэгвэл сүүлийн үед найман хувийн зээлийг зургаа болгох тухай ярьж эхэллээ. Иргэд ч хүлээлттэй байна.

Дэлхийн банкны бүс нутгийн эдийн засгийн тайланд дурдсанаар “Монгол Улсын эдийн засгийн хувьд гадаад эрэлт суларч, цар тахлын эсрэг хорио цээрийн арга эмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулснаар 2020 онд 2.4 хувиар агшихаар байна. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаа хасах утга руу орж байгаа тохиолдол юм” гэв. Мөн Дэлхийн банкнаас Монгол Улсын төсөв алдагдалтай харагдаж байгаа шалтгааныг эдийн засгийн багц арга хэмжээтэй холбоотой гэж мэдэгдэв.  Түүнчлэн зээлийн хүүг бууруулахад зах зээлийн хэрэглүүрүүдийг ашиглах хэрэгтэй, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой түвшинг хадгалах зэрэг нь нөлөөлнө хэмээн Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл нам ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгснөөр биш, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг хэрэгжүүлснээр бууруулах боломжтой байгаа юм.

Тэгвэл ипотекийн зээлийг бууруулах талаар Эдийн засагч Х.Батсуурь “Төсөв 4.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Нарийн яривал энэ нь алдагдлын бүрэн тооцоо юу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Хаанаасаа ямар мөнгөөр зургаан хувийн зээл гаргах гээд байгаа нь асуудалтай. Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл гаргавал төсвийн алдагдалтай ийм үед хаанаас ямар зээл авч ипотекийн зээл гаргаж олгох гээд байгаа нь маш том асуудал. Монголбанк гэж ярих л байх. Монголбанк нь өөрөө төрийн нэг нэгж. Гэвч сонгуулийн өмнө хүү бууруулж буй нь орон нутгийн сонгуультай шууд холбоотой” гэв.

Улмаар Засгийн газрын түвшинд ипотекийн зээлийг зургаан хувь болгох шийдвэрийг дэмжсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар Мөнгөний бодлогын хорооны хурлын үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгож бууруулах асуудлыг судалж байна. Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Гэхдээ зургаан хувь болгох шийдвэр гаргаагүй. Монголбанк энэ оны тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож байна. Одоогийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоод байна. 2100 орчим иргэнд найман хувийн хүүтэй зээл шинээр олгосон гэсэн үг. Ипотекийн зээлийг хэрвээ зургаан хувь болговол 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна” гэсэн юм.

“ЦАР ТАХЛЫН ҮЕД УЛСЫН ТӨСӨВТ ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ ТУСГАХ БОЛОМЖГҮЙ”

БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд  “Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбогдуулан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчид найман хувийн хүүтэй олгосон. Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681 мянган төгрөг төлж байгаа иргэд голдуу байна. Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа. Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг судлахад сарын төлөлт нь өрхийн орлогоос өндөр байгаа юм. Тиймээс тус ажлын хэсгээс хүүг бууруулбал ипотекийн зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтойг тооцож үзсэн. Энэ удаагийн ээлжид ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулж, зээлийг үргэлжлүүлэх судалгаа, тооцоог гаргаад байгаа юм. Орон  сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. Найман хувийн зээлтэй иргэдийг зургаан хувь руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Коронавирусын цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй. Найман хувийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг зургаан хувь руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

“ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСААД, ДАРААГИЙН ОРОН СУУЦАА АВАХДАА ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВНА”

Харин шинээр зээл авах иргэдэд зургаан хувийн үйлчлэл хамаарах бөгөөд өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн зээлийг хүүг бууруулахгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл ипотекийн зээл авсан иргэний зээлийн хүүг бууруулахад гарах эрсдэл, хүүгийн зөрүүг судалж, тооцоолж байгааг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлж байсан. Тэрээр “Бид найман хувийн зээлтэй иргэдийн зээлийг зургаан хувь болгоход ямар хэмжээний хөрөнгө нэмж шаардагдах, хэр хэмжээний зөрүү гарах, энэ нь эдийн засагт ямар эрсдэлтэй  байх вэ гэдэг талыг нь судалж байгаа юм. Үнэхээр буулгах боломжтой гэж үзвэл асуудлыг шийднэ. Хэрвээ боломж муутай гэж үзвэл хэсэг бүлгээр ч юм уу, зорилтод бүлгээр авч үзэх тооцоолол хийнэ. Ажлын хэсэг, Засгийн газар дээр эцэслэн шийднэ” гэжээ.

Засгийн газар энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлбэл илүү олон айл өрх орон сууцанд орох боломж бүрдэнэ гэж байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар ипотекийн найман хувийн зээлтэй 100 мянган иргэн бий. Тэдний зээл 4.9 их наядаар хэмжигдэж байгаа.  Өнгөрсөн сард арилжааны банкууд  1077 хүнд 74.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57.3 хувь нь хөтөлбөрийн, 42.7 хувь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байгаа юм.

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.