Бүх шатны сургалт энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжинэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд “COVID-19” цар тахлын тархалт буурахгүй байгааг үндэслэж Гамшгаам хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг ирэх сарын 31-нийг дуустал сунгахаар Засгийн газар, УОК өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэв.

Дээрх шийдвэрийг Монголын болон олон улсын мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэвлэлийн хурал хийхдээ онцлов. Тэрбээр, “Монгол Улс дотооддоо “COVID-19” цар тахлыг алдаагүй байгаа тул энэ сарын 16-наас урлаг спортын, бизнесийн, 21-нээс бүх шатны сургалтыг хэвийн горимоор явуулах боллоо.

Тодруулбал, урлаг спорт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, цагийн хязгаарлалтад орсон байсан байгууллагууд хэвийн ажиллах боломжтой болно. Үүний өмнө аймаг, нийслэлийн Онцгой комисс аж ахуйн нэгж, байгууллагуудад ариутгал, халдваргүйтлийн зөвлөмж хүргүүлнэ. Засгийн газар, УОК-оос их дээд сургуулиудын сургалт ирэх сарын 4-нөөс эхлэх байсныг энэ сарын 16 болгож наашлуулж байна. Харин улсын хилийг нээхгүй аж” гэлээ.

Мөн тусгай нислэгээр иргэдээ татах ажил үргэлжилэх аж. Гэхдээ энэ сард үйлдэх тусгай нислэгийн суудал дүүрэхгүй байх магадлалтай байна. Тодруулбал, энэ сард үйлдэхээр төлөвлөсөн тусгай нислэгт суухаар бүртгүүлсэн зарим иргэн 10 болон 11 дүгээр сарын нислэг рүү билетээ шилжүүлэх хүсэлт гаргасан байна.

Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног байлгаад гарсных нь дараа гэрт нь 14 хоног тусгаарладаг. Харин өнөөдрийн хуралдаанаас гэрт тусгаарлах 14 хоногийг цуцлахаар шийдвэрлэжээ.

 

Ч.Ариунболд

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд QWE.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.